Monday, September 12, 2011

Хэрэгцээг бий болгож бүтээсний үр дүнд...

Сая компьютерынхаа folder-үүдийг шалгаж байгаад энийг оллоо. 1-р курсдээ бичиж байсан юм. Тухайн үедээ бизнесийн удирдлагын ангид суралцаж эхлэж байсан болоод ч тэр үү их л омогшин бичиж байсан юм. Бодоод байсан чинь би тухайн үедээ эссе энээ тэрээг элдэв эх сурвалж уншиж төнхөлгүй шууд л бодсоноо бичээд гаргачихдаг байсан юм байна. Одоо тэгсэн яасан, ганц эссений ард гарах гэж майлдаг болсон байнашд. Миний толгой гашилсан бололтой, насны доройтол гэдэг нь залгаж байгаа юм болов уу хэхэ. Заза олон юм нуршилгүй эссегээ хүргье.
Хэрэгцээг бий болгож  бүтээсний үр дүнд...
Хүний оюун ухаан хийгээд бие махбодид дутагдаж байгаа бүхий л зүйлсийг хүний хэрэгцээ гэдэг билээ. Хэрэглэгчдийн тэрхүү дутагдаж байгаа хэрэгцээг нь судалж мэдэн түүнийг нөхөх нь маркетер хүний хийх ёстой зүйлсийн нэг гэж бодном.
            Гэтэл хэрэгцээг хязгааргүй гэх... Нэгэнтээ хорвоогийн тоосыг хөдөлгөн, хөрст дэлхий дээр хоёр хөлөөрөө тамга үлдээн амьдрах хүмүүн заяаг олж төрсөн бидний төрөхөөс авахуулаад үхэх хүртэлх хугацаандаа юуг хэрэглэж юу хүсэх нь цагдашгүй бөгөөд хэмжэшгүй билээ. Тэрхүү хэмжээлшгүй агаад хорьшгүй хүсэл хэрэгцээг хангах маркетер хүний хийж гүйцэтгэх ажил ч дуушасгүй ундарагатай.
Хэн бусдаас урьдаж хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг судалж мэдэн түүнийг хангаж чадах болон хангахуйц ойр бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэн таниулж чадна тэр маркетингийн хөдлөшгүй хууль ёсоор хэрэглэгчдийн тархинд байршин брэнд болж чадах болов уу гэж санагдах юм. Энэхүү үзэл санааг өнөөгийн маркетерүүд хэтэрхий бүр дэндүү сайн ойлгож хэрэгжүүлж байгаа. Үүний илрэл бол сүүлийн жилүүдэд маркетерүүд өдгөө байгаа хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадахуйц бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хуваарилахаасаа илүүтэйгээр шинэлэг шинэ зүйлийг зохиож бүтээн хэрэглэгчдэд ахин шинэ хэрэгцээт “хэрэгцээнүүдийг” үйлдвэрлэн бусдаас ялгарахыг эрхэмлэх болсон явдал юм. Харин ингэж хэрэгцээг бий болгож бүтээсний үр дүнгийн талаар нэгийг бодож хоёрыг тунгаан хожмыг эргэцүүлж хойдохоо шинжлэх Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулиараа овоглонхон сурах оюунтан Очирсүх миний эссэ эхлэж байна.
            Бид өндөр хурдтай мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Үүнийг дагаад дэлхий даяаршин эртний хүмүүсийн төсөөлдөгчлөн “хавтгай” болсон билээ. Мэдээллийн эрин зуун бидэнд их зүйлийг авчирсан. Үүний нэг нь хүний хэрэгцээ даяаршиж байгаа явдал билээ. Өнөөдөр холын Америкт амьдрах хүний хүсэл хэрэгцээ маргааш бидний хүсэл хэрэгцээ болж байна. Монголчууд бид 1921 оны ардын хувьсгалаас өмнө малаа хариулаад мах арьс зэргээр нь хэрэгцээгээ хангаж амьдраад болоод л байсан. 1991 оны ардчилсан хувьсгал өрнөж Монгол улс дэлхийтэй мөр зэрэгцэн алхах болсноор бид дэлхийн соёлд суралцаж өмнөх адил малын “буян” гэх багахаан хэрэгцээний хүрээнд амьдрах бус Америк шиг, Япон шиг, Герман шиг, Англи шиг, дэлхий шиг хэрэгцээг үгүйлж хүсэх болсон билээ. Энэ мэтчилэн бидэнд шинэ шинэ хэрэгцээ үүсэж нэмэгдсээр.
Хэрэгцээ бий болох нь өдгөө хүртэл хүн төрөлхтөнд голдуу эерэг үр дагаварыг авчирсан билээ. Хүн төрөлхтний эртний өвөг дээдэс галыг бий болгосон нь дулаацах гэдэг хэрэгцээ үүссэнтэй холбоотой. Хятад улс дэлхийн долоон гайхамшигийн нэг болох их цагаан хэрмийг барихдаа Монголчуудын довтолгооноос амь насаа хамгаалах хэрэгцээ гарсанаас л барьсан. Гэрэл цахилгааныг гаргах аргыг зохиохдоо мөн л шинэ хэрэгцээгээ хангахаар зохиосон...
Хэрэгцээ бий болсноор бид түүнийгээ хангахаар илүү шургуу ажиллаж илүү шургуу зүтгэдэг билээ. Дархан хотод 2006 он хүртэл иргэдийн амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн байдаггүй байлаа. Шинэхэн цэцэрлэгийн бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулахаар байгууллага бүр татвараа сайн төлж, иргэн бүр хандив өргөж байсан нь сэтгэл хөдөлгөм. Ингэж ажиллаж зүтгэсний үр дүнд Дархан хотын иргэд салхилж зугаалах шинэхэн цэцэрлэгтэй болсон юм. Тэд ингээд зогссонгүй. Иргэдэд дутагдаж хэрэгцээ болоод байгаа спорт цогцолбор барьж байгуулахаар дахин хичээж зүтгээд байгаа билээ. Үүнийг барьж байгуулахтай холбоотой түүхий эд, материалыг зөвхөн Дархан-Уул аймгийн үйлдвэр байгууллагуудаас авах болсон учир дан ганц иргэдэд бус үйлдвэр, уурхай гээд Дархан даяар ач тусаа өгсөн явдал болж байна. Дарханы иргэдийн хүсэл хэрэгцээ Дархан хотын хөгжил цэцэглэлтийг ийнхүү хурдасгасаар.
            Хүн гэдэг төрөлхийн тэмцэгч амьтан. Тэд өөрсдийн хэрэгцээг хангахаар нөр их бүтээн байгуулалтыг босгон сүндэрлүүлсэн. Иймд хэрэгцээ бий болсноор саар зүйл бус сайн үр дагавар ямагт ирнэ гэж батлаж байна. Хүн төрөлхтөнд шинэ хэрэгцээ бий болоогүй бол, хүн төрөлхтөн тэрхүү хэрэгцээгээ хангахаар ажиллаагүй бол бид хүн төрөлхтөн биш бич хэвээр байсан байж ч мэдэх. Иймд хэрэгцээ бий болохоос айх бус хэрэгцээг бий болгохын тулд, тэрхүү хэрэгцээгээ хангахын тулд хүн бүр хичээн амьдрах хэрэгтэй буй заа.



No comments:

Post a Comment