Thursday, March 14, 2019

Их хугацаа өнгөрч..

Хамгийн сүүлийн post-оос хойш 7 жил өнгөрчээ. Урт хугацаа, их ч юм боллоо. Олон ч хүнтэй уулзаж, их ч юм үзлээ. Гэхдээ үзэхийн хязгаартаа дөхөөгүй байгаа гэж найдъя :)


Thursday, April 12, 2012

Ямар их удаа вэ?

Аль 10-р сарын 3 аас хойш огт шинэ бичлэг хийгдээгүй энэ блогийг байдагийг бараг л мартах шахаж.. Гэхдээ хэнд ч хэрэггүй болчихсрн гэж бодохгүй байна. Ядахдаа л надад.. Миний хувьд энэ блог маш их үнэ цэнэтэй юм шүү. Хүссэн бүхнээ бичиж үлдээх орон зай байна гэдэг сайхан шүү. Харин сүүлийн үед энэ чухал зүйлээ мартчихаж. Мартчихаж ч гэж дээ нэг л их чухал зүйл хийгээд завгүй яваад байна гээд өөртөө итгүүлчихсэнээс л болох шиг боллоо. Би угаас нэг тийм туйлбартай зан чанартай хүн биш юм шиг санагддагийн. Энэ муу чанар маань ч блогоо "хаях" шалтгаан болоо биз.
            Ойрдоо Л.Өлзийтөгсийн шинэ гаргасан Үзэхийн хязгаар гэдэг номыг уншаад баахан өөртэйгөө ярисан хүн болчихлоо. Унтах гээд орондоо орсон хойно хүртэл янз бүрийн юм бодогдоод, бүр бодсон юмаа зүүдлээд цочиж сэрсэн гээч. Ном уншаагүй их удсаных л байх л даа. Ямар ч байсан надад маш их бодох юм өгсөнийг бодоход их сайн ном шиг байгаа юм. Хуучны мартагдсан дурсамжууд гэнэт л бөөн бөөнөөрөө сэргээд ирдэгийн байна. Харин түүний бичсэн шүлэгүүд нь өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн биш, зүгээр л аливаа зүйлийг өөрийн нүдээр бичдэг гэсэн нь надад их таалагдсан. Огт мэдэрч үзээгүй мэдрэмжийн тухай мэдэрсэн нэгнээс нь илүүтэйгээр мэдэрч бичнэ гэдэг... Анхандаа надад нэг их сэтгэгдэл төрүүлээгүй ч өөрийн эрхгүй номын дэлгүүр орж түүний шүлгийн номуудыг нь сөхөж үзсэний дараа надад ийн гүн сэтгэгдэл төрүүлсэн. Уг нь би утга зохиол, яруу найраг тэгж их сонирхоод сүйд болоод байдаггүй л дээ.
          Төвд хэлний тайлбар толинд үхлийг "Үзэхийн хязгаар" хэмээн тайлбарласан байдаг. Энэ нь хүн өөрийн амьдралдаа үзэж туулах бүхэн нь төгсгөл болсон гэсэн утгатай хэрэг л дээ. Нээрээ ч үнэн юм шиг.. Жишээлбэл би гэхэд л нэг их урт наслахгүй юм шиг санагдагийн. 50 ч юмуу их үсрээд л 55.. Тэрнээс богинохон ч юм билүү... Гэхдээ миний үзэж туулах зам овоо урт байвал бас үхэж өгөхгүй "лай" болж ч магад.  Ямар ч байсан би үхэл гэдгээс нэг их айх зүйл биш гэж боддог. Худлаа нэг их зоригтой зан гаргаж байгаадаа юм бишээ. Угаас би үхчихлээ гэхэд үхлийн дараах зовлонг амсахгүй шүү дээ. Тийм муу ёрын юм болвол хөөрхий аав ээж 2 минь л хамгийн ихээр шанална. Ингэхээр үхэл гэдэг хойно үлдэж буйдаа л асар их уй гашуу үлдээдэг байх. Миний хувьд өөрөө үхэхээс бус, ойр дотны хүмүүсээ алдахаас л үнэн голоосоо айдаг. Үнэн голоосоо шүү...
           
           Блогоороо дахиж ороод шинэ юм бичсэн чинь дотроосоо нэг том юм аваад хаячих шиг болчихлоо шүү. Ойрийн хэд хоног блогоо гэнэт санаад нээт орох боломж гарахгүй нилээд бачуурч байсан болохоор тэр л дээ. Ямар ч байсан сайхан болчихлоо. Энэ чинь миний гэр орон шүү дээ. Хэзээ ч ороод гарсан байнга "Үүд нь нээлттэй" гэр минь.... Би ч гэсэн үүдийг нь нээлттэй орхиод явлаа...

Monday, September 12, 2011

Марктенгийн түүхэн хөгжил /эссе/

Нэгэнт оруулсных тэр үедээ маркетингийн үндэс хичээлийн гэрийн даалгаварт өгч байсан бас нэг эссег оруулмаар санагдчихлаа. 
                                       “Маркетингийн түүхэн хөгжил” 
Маркетинг, маркетинг, маркетинг. Өнөөгийн соёлт нийгмийн хэлтэй хүн бүхэн шахуу л энэ үгийг хэлэх юм. Нэг үгээр хэлэхэд “моодны” үг нь юмсанж. Тэгээд тэр нь юу гэсэн үг юм бол? Яагаад энэ үг бидний амьдралд, энэ нийгэмд ингэж өргөнөөр хэрэглэгдэх болов? Маркетинг гэх зүйл нь хэрхэн үүсэж хөгжсөн юм бол? Энэ талаар элдвийг бодож ихийг эргэцүүлдэг, зэмлүүлсэн үедээ гутарч, сайшаагдсан үедээ урамшдаг, гөжүүд толгойндоо тунгаан бодсоор эл эссэг бичнэм би.                            
Хүмүүн төрөлхтний ой ухаанд өөрийн үнэт зүйлээ бусадтай солилцож худалдаж болох юм гэсэн бодол төрсөн тэрхүү цаг үеэс өнөөгийн хүн бүрийн амны уншлага болсон маркетинг гэгч зүйл үүссэн юм шиг. Хүн төрөлхтөний  “бүтээл” болсон хойно хөгжил дэвшилээр цэнэглэгдэн зуун зуун, мянган мянган дамжсаар ХХ зууны дундхан үеэс, нарийвчлан хэлбэл 1950-1960-аад оноос шинжлэх ухаан гэх тодотгол аван “зэрэг нэмсэн” билээ. Цаг хугацаа улиран одож, техник технологи хөгжин, нийгмийн ухамсар өөрчлөгдөхийн хажуугаар маркетингийн тайлбар, тодорхойлолт нь илүү олон хүрээг хамарсан өргөн утгыг илэрхийлэх болж, үзэл санаа, чиг хандлагууд нь харьцангуйгаар боловсрон хөгжсөөр байгаа нь уг шинжлэх ухааныг судлах чин хүслийг минь оргилуулсан юм.

Өнөө цагийн дэвшилтэт маркетингийн үе хүртэл хэд хэдэн үе шатууд явагдсаныг маркетингийн судлаач, шинжээчид харилцан адилгүйгээр ангилан тайлбарладаг ч миний уншиж судалсан цөөн хэдэн ном нийтлэлээс дүгнээд ерөнхийдөө дараахь 6 үе шатыг дамжсан болов уу гэж бодном би. Үүнд:
·         Жирийн худалдааны эрин үе
·         Үйлдвэрлэлийн эрин үе
·         Борлуулалтын эрин үе
·         Маркетингийн эрин үе
·         Маркетингийн компаний эрин үе тус тус хамаарагдана.

Эхэн үедээ өрх бүрийн хэрэгцээг хангахад худалдаачид, наймаачид чухал үүрэг гүйцэтгэдэг байсан ба тухайн үеийн үйлдвэрлэгчдийн дийлэнхийг “өрх пүүс” эзэлж байлаа. Өрх пүүс нь ердөө өөрсдийн болон хөршүүдийнхээ хэрэгцээнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв. Тэдний бараа бүтээгдэхүүнээ хоорондоо солилцох арилжихад санал хүсэл таарч тохирохгүй байх зэрэг хүндрэлүүд гарч байсан  нь “Жирийн худалдааны эрин үе”-ийг эхлүүлэх үндэс болсон юм. Өрх пүүс нь өөрсдийн хэрэгцээнээс илүүдсэн бүтээгдэхүүнээ тусгай зуучлагч нарын тусламжтайгаар зах зээлд нийлүүлэн борлуулах болов. Эдгээр зуучлагчид нь бараа бүтээгдэхүүнийг илүүдэлтэй байгаа зах зээлээс худалдан авч уг бүтээгдэхүүн эрэлттэй байгаа зах зээлд нийлүүлэх замаар үйл ажиллагаа явуулдаг байжээ. Энэ үе нь ерөнхийдөө аж үйлдвэрийн хувьсгал гарснаар уналтандаа орсон байна. Гэсэн хэдий ч зарим эдийн засаг, дэд бүтэц буурай хөгжилтэй орнуудад одоог хүртэл жирийн худалдааны эрин үе идэвхитэй байсаар байгаа нь харамсалтай.  

XVIII зууны хоёрдугаар хагасаас буюу аж үйлдвэрийн хувьсгал  өрнөснөөр үйлдвэрлэлийн хувьд өргөн боломж нээгдэж, бүтээгдэхүүнийг өмнөх үеэс харьцангуй их хэмжээгээр үйлдвэрлэх бололцоотой болсон нь  үйлдвэрлэлийн эрин үеийг эхлүүлсэн юм. Үйлдвэрлэлийн энэ эрин үед их хэмжээний бүтээгдэхүүнийг бага өртгөөр үйлдвэрлэхийг зорилгоо болгодог байлаа. Үйлдвэрлэгч нийлүүлэгчид “Үйлдвэрлэгдсэн бүхэн борлогдоно” гэсэн үзэлтэй байсан бөгөөд социалист улс гүрнүүд энэ үеийн том төлөөлөгч, жишээ нь юм. 1940-өөс 1990-ээд оны Монголын үйлдвэрлэлийг эргэн сөхье. Тэр үеийн засаг захиргаанаас үйлдвэрлэлийн норм зааж өгдөг байсан, нормоо давуулан биелүүсэн ажилчныг сайшаан шагнадаг байсан нь хүн бүрийг өөрсдийн хувь нормоо давуулж биелүүлэх хүсэл сонирхолтой болгосон билээ. Энэ үед үйлдвэрлэлээс гарах бүтээгдэхүүний тоо хэмжээ дээд түвшиндээ хүрч байсан нь маргаангүй үнэн. 
           
1930-аад оны үе. Үйлдвэрлэлийн эрин үеийн үзэл баримтлал уналтанд орж эхэллээ. Өмнө нь пүүс аль болох чадах чинээгээрээ их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан нь зах зээл дээр илүүдэл үүсгэлээ. Ийнхүү тэд аажим аажмаар алдагдалд орж үүд хаалгаа ээлж дарааллан хаасаар...
 Одоо дан ганц үйлдвэрлээд байх нь буруу юм үүнээс гадна давхар бүтээгдэхүүнээ идэвхитэй сурталчилж идэвхжүүлж өгсөнөөр бүтээгдэхүүн сайн борлогдоно гэдгийг ухаарлаа. Хэдий чинээ сайн идэвжүүлж хэрэглэгчдийн тархинд бүтээгдэхүүнийхээ нэрийг суулгаж өгнө төдий чинээ бүтээгдэхүүн сайн борлогдоно. Зүйрлэн хэлбэл хэрэглэгч бол хөрс. Бүтээгдэхүүн бол үр. Харин идэвхжүүлэлт нь уг үрнээс ургах цэцгийг арчлах арчилгаа юм. Хэдий чинээ сайн арчилна тэр хэмжээгээр цэцэг сайн ургаж тасалгаанд тансаг үнэрээ тараах болно. Энэ бол борлуулалтын эрин үеийн гол зарчим.
MCS  компани анх дэлхийн хийжүүлсэн ундааны зах зээлд тэргүүлэх брэнд болох Coca Cola ундааг Монголд оруулж ирсэн. Үйлдвэрлэлийн эрин үеийн үзлээр бол тэд уг ундааг огт сурталчилалгүй зүгээр л борлуулах байлаа. Угын дэлхийд нэрд гарсан брэнд юм хойно сурталчилах хэрэггүй гээд хаячиж болох байсан. Гэхдээ ингэснээр тэдний бүтээгдэхүүн хэрэглэгчдийн дунд танил болох нь юу л бол. Харин тэд уг ундааг идэвхитэй сурталчилсаны үр дүнд өнөөдөр MCS-Coca Cola компани Монголын хийжүүлсэн ундааны зах зээлд өрсөлдөгчгүй болсон билээ. Хүн бүр л MCS-Coca Cola-ийн амтат ундаануудыг хэрэглэх болсон билээ.  
 Энэхүү эрин үед анхандаа борлуулалт харьцангуй хурдацтайгаар өсөж, зах зээл тэлсээр байлаа.  Гэхдээ үйлдвэрлэгчдийн өмнө дахин шинэ асуудал гарч ирлээ. Энэ нь борлуулалтын эрин үе 1950-д оноос эхлэн уналтанд орох шалтгаан болж өгсөн юм.
           
Борлуулалтын эрин үед шинээр гарч ирсэн тэрхүү асуудал бол хэрэглэгчдийн хүсэл сонирхыг судлаж мэдэн түүнд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах байлаа. Дан ганц үйлдвэрлээд түүнийгээ идэвхжүүлээд байх нь пүүсийг бүтээгдэхүүний хоцрогдолд оруулсан хэрэг. Хэрвээ хэрэглэгч өнөөдөр ямарваа нэг шинэ бүтээгдэхүүн хүсвэл, тэдэнд аливаа шинэ хэрэгцээ гарвал пүүс түүнийг судлаж, шинжлэж үйлдвэрлэн гаргаж зах зээл дээр борлуулах хэрэгтэй болов. Ийнхүү борлуулалтын эрин үе маань маркетингийн эрин үед халаагаа тавьж өглөө. “Маркетингийн хөдлөшгүй 22 хууль” номон дахь эхний 2 хууль болох “Манлайлалын хууль болон Категорын хууль”-нд зааснаар хэн урьтаж хэрэглэгчдийн дунд анхдагч болж чадна тэр хүн зах зээлд тэргүүлэгч болно гэдэг нь маркетингийн эрин үетэй нягт уялдаатай мэт.  
Маркетингийн эрин үед хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг судлаж мэдэн судалгааныхаа үр дүнг нэгтгэн  богино хугацаанд шинэ санаа, бодлого гаргаж түүнийгээ пүүсийн үйл ажиллагаанд оруулах нь гол зорилго болоод байв. Хэн ингэж чадна тэр манлайлна.
            Монголын үүрэн телефоны анхдагч оператор “Mobicom” корпораци нь хүн амд утасүй холбоо аль зэрэг хэрэгтэйг судлаж энэ үйлчилгээ нь нийгэмд эрэлттэй байгааг урьтаж мэдсэний үр дүнд л үүрэн телефоны үйлчилгээг Монгол улсад нэвтрүүлсэн. Тэд одоо Монголын хамгийн олон хэрэглэгчтэй тодруулбал 1 сая гаруй хэрэглэгчтэй үүрэн телефоны оператор болсон.
            “Талх чихэр” ХХК нь хүн амын дунд судалгаа хийж үзсэний эцэст анхны хэрчсэн талх болх “Зууван чех” талхаа зах зээлд нийлүүлсэн. Зарим үед хоол цайгаа бэлдэх завгүй ажилладаг болон аялал зугаалгаар явж байгаа хүмүүст энэ бүтээгдэхүүн нь таалагдах нь мэдээж. Ийнхүү тэд одоо гурил, гурилан бүтээгдэхүүн борлуулалтаараа улсдаа гуравт харин талхны борлуулалтаараа хоёрт орж байна.
Энэ эрин үед маркетингийн шинжлэх ухаанд олон ололт дэвшил гарсан юм. Өрсөлдөгчөөсөө урьтаж хэрэглэгчиддээ хүрэх, хэрэглэгчтэйгээ тулж харьцах хийгээд нийгэмд сайн үйлс хийх замаар компаниа сурталчилах нь цөмөөр энэ эрин үед хамаарагдах бөлгөө.   
           
Цаг хугацаа өнгөрсөөр... Зах зээл дээр маркетинг нь бараа борлуулахад нөлөөлөх хамгийн чухал зүйл болохын сацуу маркетингийн чиглэлээр мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэгдэж эхэллээ. Тэд олширсоор. Зарим маркетингийн менежер, мэргэжилтэнгүүд хамтарч маркетингийн зөвлөгөө өгөх байгууллагуудыг бий болголоо. 1960-аад оноос эхлэн маркетингийн талаар компанид мэдээлэл, зөвлөгөө өгөх төвүүд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь энэ эрин үеийн эхлэл болсон гэлтэй. Эдгээр маркетингийн компаниуд нь тухайн үйлдвэрлэгчдийн өмнөөс зах зээл дээр судлагаа шинжилгээ хийсний эцэст хэрхэн бүтээгдэхүүнээ сайн борлуулах, яаж амжилттай ажиллах зэрэг маркетингтай холбоотой зөвлөгөө мэдээллийг хурдан хугацаанд бодож гарган өгдөг байгууллагууд юм. Өдгөө уг байгууллагууд нь үйлдвэрлэгч пүүсүүдийн хувьд улам бүр эрэлт ихтэй болсоор байна.

  Зуун зуун мянган мянган солигдсоор. Хорвоо ертөнцийн бүхий л зүйл хувьсан өөрчлөгдөж, хөгжин цэцэглэсээр. Анх бүтээгдэхүүнээ худалдах үйл ажиллагаа төдийхөн зүйл байсан маркетинг маань өдгөө асар олон үйл явцыг өөртөө багтаасан агуу шинжлэх ухаан болтлоо хөгжжээ. Нийгмийн ухамсар, амьдрал хувьсан өөрчлөгдөж, техник технологи хөгжихийн хэрээр маркетинг нь мөн адил даган дэвшишээр олон үеийг ардаа өнгөрөөжээ. Маркетингийн өдий хүртэлх хөгжиж ирсэн эрин үеүүдийг эргэцүүлэн бодож, дээр гаргасан жишээ баримтуудаас дүгнэн үзэхэд маркетинг нийгэм хоёр нь салшгүй холбоотой зүйл болох нь харагдаж байна. Нийгэм яаж хувьсаж өөрчилөгдөнө түүнийг дагаад маркетинг нь шинэчлэгдэн хөгжиж байгааг та анзаарсан болов уу? Цаашдаа маркетингийн үзэл санаа нь хэрхэн яаж хөгжихийг бидний хэн нь ч үл мэдэх билээ. Харин ганц зүйл л тодорхой үлдлээ. Энэ бол хэн ч маркетингийн гадна талд оршин тогтнож чадахгүй бөгөөд тэдний өдөр тутмын үйл ажиллагаа нь тэр чигээрээ маркетинг юм. Хүн үгүй болтол маркетинг гэх зүйл үгүй болохгүй оршин тогтносоор байх болно.
   

Хэрэгцээг бий болгож бүтээсний үр дүнд...

Сая компьютерынхаа folder-үүдийг шалгаж байгаад энийг оллоо. 1-р курсдээ бичиж байсан юм. Тухайн үедээ бизнесийн удирдлагын ангид суралцаж эхлэж байсан болоод ч тэр үү их л омогшин бичиж байсан юм. Бодоод байсан чинь би тухайн үедээ эссе энээ тэрээг элдэв эх сурвалж уншиж төнхөлгүй шууд л бодсоноо бичээд гаргачихдаг байсан юм байна. Одоо тэгсэн яасан, ганц эссений ард гарах гэж майлдаг болсон байнашд. Миний толгой гашилсан бололтой, насны доройтол гэдэг нь залгаж байгаа юм болов уу хэхэ. Заза олон юм нуршилгүй эссегээ хүргье.
Хэрэгцээг бий болгож  бүтээсний үр дүнд...
Хүний оюун ухаан хийгээд бие махбодид дутагдаж байгаа бүхий л зүйлсийг хүний хэрэгцээ гэдэг билээ. Хэрэглэгчдийн тэрхүү дутагдаж байгаа хэрэгцээг нь судалж мэдэн түүнийг нөхөх нь маркетер хүний хийх ёстой зүйлсийн нэг гэж бодном.
            Гэтэл хэрэгцээг хязгааргүй гэх... Нэгэнтээ хорвоогийн тоосыг хөдөлгөн, хөрст дэлхий дээр хоёр хөлөөрөө тамга үлдээн амьдрах хүмүүн заяаг олж төрсөн бидний төрөхөөс авахуулаад үхэх хүртэлх хугацаандаа юуг хэрэглэж юу хүсэх нь цагдашгүй бөгөөд хэмжэшгүй билээ. Тэрхүү хэмжээлшгүй агаад хорьшгүй хүсэл хэрэгцээг хангах маркетер хүний хийж гүйцэтгэх ажил ч дуушасгүй ундарагатай.
Хэн бусдаас урьдаж хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг судалж мэдэн түүнийг хангаж чадах болон хангахуйц ойр бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэн таниулж чадна тэр маркетингийн хөдлөшгүй хууль ёсоор хэрэглэгчдийн тархинд байршин брэнд болж чадах болов уу гэж санагдах юм. Энэхүү үзэл санааг өнөөгийн маркетерүүд хэтэрхий бүр дэндүү сайн ойлгож хэрэгжүүлж байгаа. Үүний илрэл бол сүүлийн жилүүдэд маркетерүүд өдгөө байгаа хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадахуйц бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хуваарилахаасаа илүүтэйгээр шинэлэг шинэ зүйлийг зохиож бүтээн хэрэглэгчдэд ахин шинэ хэрэгцээт “хэрэгцээнүүдийг” үйлдвэрлэн бусдаас ялгарахыг эрхэмлэх болсон явдал юм. Харин ингэж хэрэгцээг бий болгож бүтээсний үр дүнгийн талаар нэгийг бодож хоёрыг тунгаан хожмыг эргэцүүлж хойдохоо шинжлэх Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулиараа овоглонхон сурах оюунтан Очирсүх миний эссэ эхлэж байна.
            Бид өндөр хурдтай мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Үүнийг дагаад дэлхий даяаршин эртний хүмүүсийн төсөөлдөгчлөн “хавтгай” болсон билээ. Мэдээллийн эрин зуун бидэнд их зүйлийг авчирсан. Үүний нэг нь хүний хэрэгцээ даяаршиж байгаа явдал билээ. Өнөөдөр холын Америкт амьдрах хүний хүсэл хэрэгцээ маргааш бидний хүсэл хэрэгцээ болж байна. Монголчууд бид 1921 оны ардын хувьсгалаас өмнө малаа хариулаад мах арьс зэргээр нь хэрэгцээгээ хангаж амьдраад болоод л байсан. 1991 оны ардчилсан хувьсгал өрнөж Монгол улс дэлхийтэй мөр зэрэгцэн алхах болсноор бид дэлхийн соёлд суралцаж өмнөх адил малын “буян” гэх багахаан хэрэгцээний хүрээнд амьдрах бус Америк шиг, Япон шиг, Герман шиг, Англи шиг, дэлхий шиг хэрэгцээг үгүйлж хүсэх болсон билээ. Энэ мэтчилэн бидэнд шинэ шинэ хэрэгцээ үүсэж нэмэгдсээр.
Хэрэгцээ бий болох нь өдгөө хүртэл хүн төрөлхтөнд голдуу эерэг үр дагаварыг авчирсан билээ. Хүн төрөлхтний эртний өвөг дээдэс галыг бий болгосон нь дулаацах гэдэг хэрэгцээ үүссэнтэй холбоотой. Хятад улс дэлхийн долоон гайхамшигийн нэг болох их цагаан хэрмийг барихдаа Монголчуудын довтолгооноос амь насаа хамгаалах хэрэгцээ гарсанаас л барьсан. Гэрэл цахилгааныг гаргах аргыг зохиохдоо мөн л шинэ хэрэгцээгээ хангахаар зохиосон...
Хэрэгцээ бий болсноор бид түүнийгээ хангахаар илүү шургуу ажиллаж илүү шургуу зүтгэдэг билээ. Дархан хотод 2006 он хүртэл иргэдийн амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн байдаггүй байлаа. Шинэхэн цэцэрлэгийн бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулахаар байгууллага бүр татвараа сайн төлж, иргэн бүр хандив өргөж байсан нь сэтгэл хөдөлгөм. Ингэж ажиллаж зүтгэсний үр дүнд Дархан хотын иргэд салхилж зугаалах шинэхэн цэцэрлэгтэй болсон юм. Тэд ингээд зогссонгүй. Иргэдэд дутагдаж хэрэгцээ болоод байгаа спорт цогцолбор барьж байгуулахаар дахин хичээж зүтгээд байгаа билээ. Үүнийг барьж байгуулахтай холбоотой түүхий эд, материалыг зөвхөн Дархан-Уул аймгийн үйлдвэр байгууллагуудаас авах болсон учир дан ганц иргэдэд бус үйлдвэр, уурхай гээд Дархан даяар ач тусаа өгсөн явдал болж байна. Дарханы иргэдийн хүсэл хэрэгцээ Дархан хотын хөгжил цэцэглэлтийг ийнхүү хурдасгасаар.
            Хүн гэдэг төрөлхийн тэмцэгч амьтан. Тэд өөрсдийн хэрэгцээг хангахаар нөр их бүтээн байгуулалтыг босгон сүндэрлүүлсэн. Иймд хэрэгцээ бий болсноор саар зүйл бус сайн үр дагавар ямагт ирнэ гэж батлаж байна. Хүн төрөлхтөнд шинэ хэрэгцээ бий болоогүй бол, хүн төрөлхтөн тэрхүү хэрэгцээгээ хангахаар ажиллаагүй бол бид хүн төрөлхтөн биш бич хэвээр байсан байж ч мэдэх. Иймд хэрэгцээ бий болохоос айх бус хэрэгцээг бий болгохын тулд, тэрхүү хэрэгцээгээ хангахын тулд хүн бүр хичээн амьдрах хэрэгтэй буй заа.



Thursday, August 4, 2011

Dream on

Мөрөөд, мөрөөд. Мөрөөдөл чинь биелэх хүртэл мөрөөд.
Санаж явбал бүтнэ гэдэг байх аа. Мөрөөдлөөрөө жигүүрлээд зорьсон газраа хүрээрэй.

Нүдээ нээлээ

Сайн байцгаана уу?
Байшиндаа орж ирж, зочидтойгоо мэндэлсэнгүй нилээд удлаа. Шалтгаан хэлээд юу гэхэв. Зүгээр л залхуурсан. Аюушынхаа шалтаг тоочих өвчин гэсэн бичлэгийг сая дахин уншлаа. Өөрийгөө ойрын үед их шалтаг тавьж юмнаас хойш суух хандлагатай болсноо ойлголоо. Өдөржин фэйсбүүкээр хэрэггүй сэтгэгдэл үлдээн, зарим хүмүүстэй бүр хэрэлдэх маягаар амралтын өдрийг дэмий өнгөрөөж байгаа атлаа би өөрийгөө их л завгүй хүн гэж бодчихжээ. Зүгээр л амраад байхаар хүний нүд хаагддаг юм шигээ. Хичээл ихтэй үедээ би хажуугаар нь мэргэжилтэй холбоотой мэдээллээ хайж судалдаг байлаа, мөн цагийн ажил хийгээд, боксын секцэнд ч амжаад явчихдаг байв. Тэгэхэд огтхон ч гэж худлаа хэлэхгүй ч ямартаа ч одоо юм хийхгүй байгаа шигээ ядраагүй юм даг. Нэг үгээр хэлэхэд би ЗЭВРЭЭД байгаа бололтой. Харин би зэвэрч суулгүй гялалзмаар байна. Би хөдөлмөрлөмөөр байна. Би яг одоо эрч хүчээр шатаж байна. Зүгээр ганцаараа гялалзах биш бусад хүмүүсийг ч гялалзуулмаар байна.
Над шиг хөдөлмөрлөхөөс байж сууж байгаа залуус Монголоор дүүрэн байгаа гэж итгэж байна. Тийм болохоор улс маань удахгүй хөгжих болно гэдэгт ч итгэж байна. Бид агуу үндэстэн гэдгээ харуулах болно оо.    
ЗАЛУУСАА БҮГД ДОР БҮРНЭЭ ХИЧЭЭЦГЭЭЕ.
Хэрвээ би юу чаддаг юм гэж бодож байгаа бол танд зориулж нэгэн ишлэл хүргэмээр байна.
Шувууд нэг удаа надад ингэж хэлж байсан юм, "Миний далавч  чинийх шиг харагддаг ч болоосой".


Thursday, June 16, 2011

Ялагдлын шалтгаан - Шалтаг тоочих өвчин

Бидний амжилтанд хүрэхийн тулд судлах цорын ганц зүйл бол хүмүүс юм. Амжилтанд хүргэх зарчмыг олж, хэрэгжүүлэхийн тулд хүмүүсийг анхааралтай судлах хэрэгтэй болдог. Хүмүүсийг судлах тусам амжилтанд хүрдэггүй хүмүүсийн ухааныг мохоогч бодол санааны хор уршгийг ойлгох болно. Энэ өвчнийг “excusitis” гэж нэрлэдэг. Хамгийн эгэл жирийн хүмүүст ч амжилтгүй байдлын үндэс болдог энэ өвчин бага хэмжээгээр ч атугай байсаар л байдаг. Шалтаг тоочих өвчин нь улам их амжилтанд хүрч байгаа хүн, хөл дээрээ арай ядан тогтож байгаа хүн хоёрын ялгааг тайлбарлаж чадна.

Хувь хүний амжилт багасах тусам шалтаг тоочих нь ч эрс нэмэгддэг нь тод харагддаг. Гэвч юунд ч хүрч үзээгүй, юунд ч хүрэх хүсэлгүй хүмүүст үүнийгээ тайлбарлах шалтаг хуудас хуудсаар дүүрэн байдаг бололтой. Өнөөдрийг хүртэл нэг ч амжилттай бизнесмэн, цэргийнхэн, борлуулагч, мэргэжилтнүүд болон аль нэг салбарт амжилтанд хүрсэн хүмүүс шалтаг тоочиж байсан тухай би л хувьдаа сонсож байгаагүй юм байна. Рузвельт хөл муутайгаараа шалтаглаж болох байсан. Кеннеди “Би ерөнхийлөгч болоход дэндүү залуудна” гэж хэлж болох байсан. Жонсон, Эйзэнхауэр нар зүрхний өвчнийхөө ард нуугдаж болох л байсан шүү дээ. Шалтаглах тусам энэ шалтаг нь далд ухамсарт нь гүн шингэдэг. Бодол санаа эерэг ч бай, сөрөг ч бай байнга автагдвал улам хүчирхэгждэг. Шалтаг тоочих өвчтэй хүн эхлээд шалтаг нь ямар нэг хэмжээгээр худлаа гэдгийг мэддэг. Гэхдээ үүнийгээ давтах тусмаа бүрэн дүүрэн зөв гэж итгэж эхэлдэг байна. Тэгвэл бүгдээрээ амжилтын хөтөлбөрийн эхний арга хэмжээ болох өөрийнхөө ялагдлын эсрэг буюу шалтаг тоочих өвчний эсрэг вакцинжуулалтыг яг одооноос эхлүүлцгээе!!!
Өө нэг гол зүйлийг яг мартах гэж байна. Хий хоосон сэтгэгдэлд бүү автаарай. Оюуныхаа эрч хүчийг огт хүчин чармайлт гаргахгүйгээр амжилтанд хүрэх тухай дэмий мөрөөдөлд бүү зарцуул. Зөвхөн аз тохиосноор бид амжилтанд хүрэхгүй шүү дээ. Ажил хэргийн ертөнцөд өгсөх, ялалтанд хүрэх боломжоо, мөн амьдрал дээр сайн сайхан зүйлсээ азтай бүү холбо. Аз энэ сайн сайханд хүргэх үүргийг хүлээхгүй гэдэг нь ойлгомжтой. Үүний оронд өөрийгөө амжилтанд хүргэх тийм чанарыг бий болгоход анхаарлаа төвлөрүүлээрэй.