Monday, September 12, 2011

Марктенгийн түүхэн хөгжил /эссе/

Нэгэнт оруулсных тэр үедээ маркетингийн үндэс хичээлийн гэрийн даалгаварт өгч байсан бас нэг эссег оруулмаар санагдчихлаа. 
                                       “Маркетингийн түүхэн хөгжил” 
Маркетинг, маркетинг, маркетинг. Өнөөгийн соёлт нийгмийн хэлтэй хүн бүхэн шахуу л энэ үгийг хэлэх юм. Нэг үгээр хэлэхэд “моодны” үг нь юмсанж. Тэгээд тэр нь юу гэсэн үг юм бол? Яагаад энэ үг бидний амьдралд, энэ нийгэмд ингэж өргөнөөр хэрэглэгдэх болов? Маркетинг гэх зүйл нь хэрхэн үүсэж хөгжсөн юм бол? Энэ талаар элдвийг бодож ихийг эргэцүүлдэг, зэмлүүлсэн үедээ гутарч, сайшаагдсан үедээ урамшдаг, гөжүүд толгойндоо тунгаан бодсоор эл эссэг бичнэм би.                            
Хүмүүн төрөлхтний ой ухаанд өөрийн үнэт зүйлээ бусадтай солилцож худалдаж болох юм гэсэн бодол төрсөн тэрхүү цаг үеэс өнөөгийн хүн бүрийн амны уншлага болсон маркетинг гэгч зүйл үүссэн юм шиг. Хүн төрөлхтөний  “бүтээл” болсон хойно хөгжил дэвшилээр цэнэглэгдэн зуун зуун, мянган мянган дамжсаар ХХ зууны дундхан үеэс, нарийвчлан хэлбэл 1950-1960-аад оноос шинжлэх ухаан гэх тодотгол аван “зэрэг нэмсэн” билээ. Цаг хугацаа улиран одож, техник технологи хөгжин, нийгмийн ухамсар өөрчлөгдөхийн хажуугаар маркетингийн тайлбар, тодорхойлолт нь илүү олон хүрээг хамарсан өргөн утгыг илэрхийлэх болж, үзэл санаа, чиг хандлагууд нь харьцангуйгаар боловсрон хөгжсөөр байгаа нь уг шинжлэх ухааныг судлах чин хүслийг минь оргилуулсан юм.

Өнөө цагийн дэвшилтэт маркетингийн үе хүртэл хэд хэдэн үе шатууд явагдсаныг маркетингийн судлаач, шинжээчид харилцан адилгүйгээр ангилан тайлбарладаг ч миний уншиж судалсан цөөн хэдэн ном нийтлэлээс дүгнээд ерөнхийдөө дараахь 6 үе шатыг дамжсан болов уу гэж бодном би. Үүнд:
·         Жирийн худалдааны эрин үе
·         Үйлдвэрлэлийн эрин үе
·         Борлуулалтын эрин үе
·         Маркетингийн эрин үе
·         Маркетингийн компаний эрин үе тус тус хамаарагдана.

Эхэн үедээ өрх бүрийн хэрэгцээг хангахад худалдаачид, наймаачид чухал үүрэг гүйцэтгэдэг байсан ба тухайн үеийн үйлдвэрлэгчдийн дийлэнхийг “өрх пүүс” эзэлж байлаа. Өрх пүүс нь ердөө өөрсдийн болон хөршүүдийнхээ хэрэгцээнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв. Тэдний бараа бүтээгдэхүүнээ хоорондоо солилцох арилжихад санал хүсэл таарч тохирохгүй байх зэрэг хүндрэлүүд гарч байсан  нь “Жирийн худалдааны эрин үе”-ийг эхлүүлэх үндэс болсон юм. Өрх пүүс нь өөрсдийн хэрэгцээнээс илүүдсэн бүтээгдэхүүнээ тусгай зуучлагч нарын тусламжтайгаар зах зээлд нийлүүлэн борлуулах болов. Эдгээр зуучлагчид нь бараа бүтээгдэхүүнийг илүүдэлтэй байгаа зах зээлээс худалдан авч уг бүтээгдэхүүн эрэлттэй байгаа зах зээлд нийлүүлэх замаар үйл ажиллагаа явуулдаг байжээ. Энэ үе нь ерөнхийдөө аж үйлдвэрийн хувьсгал гарснаар уналтандаа орсон байна. Гэсэн хэдий ч зарим эдийн засаг, дэд бүтэц буурай хөгжилтэй орнуудад одоог хүртэл жирийн худалдааны эрин үе идэвхитэй байсаар байгаа нь харамсалтай.  

XVIII зууны хоёрдугаар хагасаас буюу аж үйлдвэрийн хувьсгал  өрнөснөөр үйлдвэрлэлийн хувьд өргөн боломж нээгдэж, бүтээгдэхүүнийг өмнөх үеэс харьцангуй их хэмжээгээр үйлдвэрлэх бололцоотой болсон нь  үйлдвэрлэлийн эрин үеийг эхлүүлсэн юм. Үйлдвэрлэлийн энэ эрин үед их хэмжээний бүтээгдэхүүнийг бага өртгөөр үйлдвэрлэхийг зорилгоо болгодог байлаа. Үйлдвэрлэгч нийлүүлэгчид “Үйлдвэрлэгдсэн бүхэн борлогдоно” гэсэн үзэлтэй байсан бөгөөд социалист улс гүрнүүд энэ үеийн том төлөөлөгч, жишээ нь юм. 1940-өөс 1990-ээд оны Монголын үйлдвэрлэлийг эргэн сөхье. Тэр үеийн засаг захиргаанаас үйлдвэрлэлийн норм зааж өгдөг байсан, нормоо давуулан биелүүсэн ажилчныг сайшаан шагнадаг байсан нь хүн бүрийг өөрсдийн хувь нормоо давуулж биелүүлэх хүсэл сонирхолтой болгосон билээ. Энэ үед үйлдвэрлэлээс гарах бүтээгдэхүүний тоо хэмжээ дээд түвшиндээ хүрч байсан нь маргаангүй үнэн. 
           
1930-аад оны үе. Үйлдвэрлэлийн эрин үеийн үзэл баримтлал уналтанд орж эхэллээ. Өмнө нь пүүс аль болох чадах чинээгээрээ их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан нь зах зээл дээр илүүдэл үүсгэлээ. Ийнхүү тэд аажим аажмаар алдагдалд орж үүд хаалгаа ээлж дарааллан хаасаар...
 Одоо дан ганц үйлдвэрлээд байх нь буруу юм үүнээс гадна давхар бүтээгдэхүүнээ идэвхитэй сурталчилж идэвхжүүлж өгсөнөөр бүтээгдэхүүн сайн борлогдоно гэдгийг ухаарлаа. Хэдий чинээ сайн идэвжүүлж хэрэглэгчдийн тархинд бүтээгдэхүүнийхээ нэрийг суулгаж өгнө төдий чинээ бүтээгдэхүүн сайн борлогдоно. Зүйрлэн хэлбэл хэрэглэгч бол хөрс. Бүтээгдэхүүн бол үр. Харин идэвхжүүлэлт нь уг үрнээс ургах цэцгийг арчлах арчилгаа юм. Хэдий чинээ сайн арчилна тэр хэмжээгээр цэцэг сайн ургаж тасалгаанд тансаг үнэрээ тараах болно. Энэ бол борлуулалтын эрин үеийн гол зарчим.
MCS  компани анх дэлхийн хийжүүлсэн ундааны зах зээлд тэргүүлэх брэнд болох Coca Cola ундааг Монголд оруулж ирсэн. Үйлдвэрлэлийн эрин үеийн үзлээр бол тэд уг ундааг огт сурталчилалгүй зүгээр л борлуулах байлаа. Угын дэлхийд нэрд гарсан брэнд юм хойно сурталчилах хэрэггүй гээд хаячиж болох байсан. Гэхдээ ингэснээр тэдний бүтээгдэхүүн хэрэглэгчдийн дунд танил болох нь юу л бол. Харин тэд уг ундааг идэвхитэй сурталчилсаны үр дүнд өнөөдөр MCS-Coca Cola компани Монголын хийжүүлсэн ундааны зах зээлд өрсөлдөгчгүй болсон билээ. Хүн бүр л MCS-Coca Cola-ийн амтат ундаануудыг хэрэглэх болсон билээ.  
 Энэхүү эрин үед анхандаа борлуулалт харьцангуй хурдацтайгаар өсөж, зах зээл тэлсээр байлаа.  Гэхдээ үйлдвэрлэгчдийн өмнө дахин шинэ асуудал гарч ирлээ. Энэ нь борлуулалтын эрин үе 1950-д оноос эхлэн уналтанд орох шалтгаан болж өгсөн юм.
           
Борлуулалтын эрин үед шинээр гарч ирсэн тэрхүү асуудал бол хэрэглэгчдийн хүсэл сонирхыг судлаж мэдэн түүнд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах байлаа. Дан ганц үйлдвэрлээд түүнийгээ идэвхжүүлээд байх нь пүүсийг бүтээгдэхүүний хоцрогдолд оруулсан хэрэг. Хэрвээ хэрэглэгч өнөөдөр ямарваа нэг шинэ бүтээгдэхүүн хүсвэл, тэдэнд аливаа шинэ хэрэгцээ гарвал пүүс түүнийг судлаж, шинжлэж үйлдвэрлэн гаргаж зах зээл дээр борлуулах хэрэгтэй болов. Ийнхүү борлуулалтын эрин үе маань маркетингийн эрин үед халаагаа тавьж өглөө. “Маркетингийн хөдлөшгүй 22 хууль” номон дахь эхний 2 хууль болох “Манлайлалын хууль болон Категорын хууль”-нд зааснаар хэн урьтаж хэрэглэгчдийн дунд анхдагч болж чадна тэр хүн зах зээлд тэргүүлэгч болно гэдэг нь маркетингийн эрин үетэй нягт уялдаатай мэт.  
Маркетингийн эрин үед хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг судлаж мэдэн судалгааныхаа үр дүнг нэгтгэн  богино хугацаанд шинэ санаа, бодлого гаргаж түүнийгээ пүүсийн үйл ажиллагаанд оруулах нь гол зорилго болоод байв. Хэн ингэж чадна тэр манлайлна.
            Монголын үүрэн телефоны анхдагч оператор “Mobicom” корпораци нь хүн амд утасүй холбоо аль зэрэг хэрэгтэйг судлаж энэ үйлчилгээ нь нийгэмд эрэлттэй байгааг урьтаж мэдсэний үр дүнд л үүрэн телефоны үйлчилгээг Монгол улсад нэвтрүүлсэн. Тэд одоо Монголын хамгийн олон хэрэглэгчтэй тодруулбал 1 сая гаруй хэрэглэгчтэй үүрэн телефоны оператор болсон.
            “Талх чихэр” ХХК нь хүн амын дунд судалгаа хийж үзсэний эцэст анхны хэрчсэн талх болх “Зууван чех” талхаа зах зээлд нийлүүлсэн. Зарим үед хоол цайгаа бэлдэх завгүй ажилладаг болон аялал зугаалгаар явж байгаа хүмүүст энэ бүтээгдэхүүн нь таалагдах нь мэдээж. Ийнхүү тэд одоо гурил, гурилан бүтээгдэхүүн борлуулалтаараа улсдаа гуравт харин талхны борлуулалтаараа хоёрт орж байна.
Энэ эрин үед маркетингийн шинжлэх ухаанд олон ололт дэвшил гарсан юм. Өрсөлдөгчөөсөө урьтаж хэрэглэгчиддээ хүрэх, хэрэглэгчтэйгээ тулж харьцах хийгээд нийгэмд сайн үйлс хийх замаар компаниа сурталчилах нь цөмөөр энэ эрин үед хамаарагдах бөлгөө.   
           
Цаг хугацаа өнгөрсөөр... Зах зээл дээр маркетинг нь бараа борлуулахад нөлөөлөх хамгийн чухал зүйл болохын сацуу маркетингийн чиглэлээр мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэгдэж эхэллээ. Тэд олширсоор. Зарим маркетингийн менежер, мэргэжилтэнгүүд хамтарч маркетингийн зөвлөгөө өгөх байгууллагуудыг бий болголоо. 1960-аад оноос эхлэн маркетингийн талаар компанид мэдээлэл, зөвлөгөө өгөх төвүүд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь энэ эрин үеийн эхлэл болсон гэлтэй. Эдгээр маркетингийн компаниуд нь тухайн үйлдвэрлэгчдийн өмнөөс зах зээл дээр судлагаа шинжилгээ хийсний эцэст хэрхэн бүтээгдэхүүнээ сайн борлуулах, яаж амжилттай ажиллах зэрэг маркетингтай холбоотой зөвлөгөө мэдээллийг хурдан хугацаанд бодож гарган өгдөг байгууллагууд юм. Өдгөө уг байгууллагууд нь үйлдвэрлэгч пүүсүүдийн хувьд улам бүр эрэлт ихтэй болсоор байна.

  Зуун зуун мянган мянган солигдсоор. Хорвоо ертөнцийн бүхий л зүйл хувьсан өөрчлөгдөж, хөгжин цэцэглэсээр. Анх бүтээгдэхүүнээ худалдах үйл ажиллагаа төдийхөн зүйл байсан маркетинг маань өдгөө асар олон үйл явцыг өөртөө багтаасан агуу шинжлэх ухаан болтлоо хөгжжээ. Нийгмийн ухамсар, амьдрал хувьсан өөрчлөгдөж, техник технологи хөгжихийн хэрээр маркетинг нь мөн адил даган дэвшишээр олон үеийг ардаа өнгөрөөжээ. Маркетингийн өдий хүртэлх хөгжиж ирсэн эрин үеүүдийг эргэцүүлэн бодож, дээр гаргасан жишээ баримтуудаас дүгнэн үзэхэд маркетинг нийгэм хоёр нь салшгүй холбоотой зүйл болох нь харагдаж байна. Нийгэм яаж хувьсаж өөрчилөгдөнө түүнийг дагаад маркетинг нь шинэчлэгдэн хөгжиж байгааг та анзаарсан болов уу? Цаашдаа маркетингийн үзэл санаа нь хэрхэн яаж хөгжихийг бидний хэн нь ч үл мэдэх билээ. Харин ганц зүйл л тодорхой үлдлээ. Энэ бол хэн ч маркетингийн гадна талд оршин тогтнож чадахгүй бөгөөд тэдний өдөр тутмын үйл ажиллагаа нь тэр чигээрээ маркетинг юм. Хүн үгүй болтол маркетинг гэх зүйл үгүй болохгүй оршин тогтносоор байх болно.
   

Хэрэгцээг бий болгож бүтээсний үр дүнд...

Сая компьютерынхаа folder-үүдийг шалгаж байгаад энийг оллоо. 1-р курсдээ бичиж байсан юм. Тухайн үедээ бизнесийн удирдлагын ангид суралцаж эхлэж байсан болоод ч тэр үү их л омогшин бичиж байсан юм. Бодоод байсан чинь би тухайн үедээ эссе энээ тэрээг элдэв эх сурвалж уншиж төнхөлгүй шууд л бодсоноо бичээд гаргачихдаг байсан юм байна. Одоо тэгсэн яасан, ганц эссений ард гарах гэж майлдаг болсон байнашд. Миний толгой гашилсан бололтой, насны доройтол гэдэг нь залгаж байгаа юм болов уу хэхэ. Заза олон юм нуршилгүй эссегээ хүргье.
Хэрэгцээг бий болгож  бүтээсний үр дүнд...
Хүний оюун ухаан хийгээд бие махбодид дутагдаж байгаа бүхий л зүйлсийг хүний хэрэгцээ гэдэг билээ. Хэрэглэгчдийн тэрхүү дутагдаж байгаа хэрэгцээг нь судалж мэдэн түүнийг нөхөх нь маркетер хүний хийх ёстой зүйлсийн нэг гэж бодном.
            Гэтэл хэрэгцээг хязгааргүй гэх... Нэгэнтээ хорвоогийн тоосыг хөдөлгөн, хөрст дэлхий дээр хоёр хөлөөрөө тамга үлдээн амьдрах хүмүүн заяаг олж төрсөн бидний төрөхөөс авахуулаад үхэх хүртэлх хугацаандаа юуг хэрэглэж юу хүсэх нь цагдашгүй бөгөөд хэмжэшгүй билээ. Тэрхүү хэмжээлшгүй агаад хорьшгүй хүсэл хэрэгцээг хангах маркетер хүний хийж гүйцэтгэх ажил ч дуушасгүй ундарагатай.
Хэн бусдаас урьдаж хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг судалж мэдэн түүнийг хангаж чадах болон хангахуйц ойр бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэн таниулж чадна тэр маркетингийн хөдлөшгүй хууль ёсоор хэрэглэгчдийн тархинд байршин брэнд болж чадах болов уу гэж санагдах юм. Энэхүү үзэл санааг өнөөгийн маркетерүүд хэтэрхий бүр дэндүү сайн ойлгож хэрэгжүүлж байгаа. Үүний илрэл бол сүүлийн жилүүдэд маркетерүүд өдгөө байгаа хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадахуйц бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хуваарилахаасаа илүүтэйгээр шинэлэг шинэ зүйлийг зохиож бүтээн хэрэглэгчдэд ахин шинэ хэрэгцээт “хэрэгцээнүүдийг” үйлдвэрлэн бусдаас ялгарахыг эрхэмлэх болсон явдал юм. Харин ингэж хэрэгцээг бий болгож бүтээсний үр дүнгийн талаар нэгийг бодож хоёрыг тунгаан хожмыг эргэцүүлж хойдохоо шинжлэх Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулиараа овоглонхон сурах оюунтан Очирсүх миний эссэ эхлэж байна.
            Бид өндөр хурдтай мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Үүнийг дагаад дэлхий даяаршин эртний хүмүүсийн төсөөлдөгчлөн “хавтгай” болсон билээ. Мэдээллийн эрин зуун бидэнд их зүйлийг авчирсан. Үүний нэг нь хүний хэрэгцээ даяаршиж байгаа явдал билээ. Өнөөдөр холын Америкт амьдрах хүний хүсэл хэрэгцээ маргааш бидний хүсэл хэрэгцээ болж байна. Монголчууд бид 1921 оны ардын хувьсгалаас өмнө малаа хариулаад мах арьс зэргээр нь хэрэгцээгээ хангаж амьдраад болоод л байсан. 1991 оны ардчилсан хувьсгал өрнөж Монгол улс дэлхийтэй мөр зэрэгцэн алхах болсноор бид дэлхийн соёлд суралцаж өмнөх адил малын “буян” гэх багахаан хэрэгцээний хүрээнд амьдрах бус Америк шиг, Япон шиг, Герман шиг, Англи шиг, дэлхий шиг хэрэгцээг үгүйлж хүсэх болсон билээ. Энэ мэтчилэн бидэнд шинэ шинэ хэрэгцээ үүсэж нэмэгдсээр.
Хэрэгцээ бий болох нь өдгөө хүртэл хүн төрөлхтөнд голдуу эерэг үр дагаварыг авчирсан билээ. Хүн төрөлхтний эртний өвөг дээдэс галыг бий болгосон нь дулаацах гэдэг хэрэгцээ үүссэнтэй холбоотой. Хятад улс дэлхийн долоон гайхамшигийн нэг болох их цагаан хэрмийг барихдаа Монголчуудын довтолгооноос амь насаа хамгаалах хэрэгцээ гарсанаас л барьсан. Гэрэл цахилгааныг гаргах аргыг зохиохдоо мөн л шинэ хэрэгцээгээ хангахаар зохиосон...
Хэрэгцээ бий болсноор бид түүнийгээ хангахаар илүү шургуу ажиллаж илүү шургуу зүтгэдэг билээ. Дархан хотод 2006 он хүртэл иргэдийн амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн байдаггүй байлаа. Шинэхэн цэцэрлэгийн бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулахаар байгууллага бүр татвараа сайн төлж, иргэн бүр хандив өргөж байсан нь сэтгэл хөдөлгөм. Ингэж ажиллаж зүтгэсний үр дүнд Дархан хотын иргэд салхилж зугаалах шинэхэн цэцэрлэгтэй болсон юм. Тэд ингээд зогссонгүй. Иргэдэд дутагдаж хэрэгцээ болоод байгаа спорт цогцолбор барьж байгуулахаар дахин хичээж зүтгээд байгаа билээ. Үүнийг барьж байгуулахтай холбоотой түүхий эд, материалыг зөвхөн Дархан-Уул аймгийн үйлдвэр байгууллагуудаас авах болсон учир дан ганц иргэдэд бус үйлдвэр, уурхай гээд Дархан даяар ач тусаа өгсөн явдал болж байна. Дарханы иргэдийн хүсэл хэрэгцээ Дархан хотын хөгжил цэцэглэлтийг ийнхүү хурдасгасаар.
            Хүн гэдэг төрөлхийн тэмцэгч амьтан. Тэд өөрсдийн хэрэгцээг хангахаар нөр их бүтээн байгуулалтыг босгон сүндэрлүүлсэн. Иймд хэрэгцээ бий болсноор саар зүйл бус сайн үр дагавар ямагт ирнэ гэж батлаж байна. Хүн төрөлхтөнд шинэ хэрэгцээ бий болоогүй бол, хүн төрөлхтөн тэрхүү хэрэгцээгээ хангахаар ажиллаагүй бол бид хүн төрөлхтөн биш бич хэвээр байсан байж ч мэдэх. Иймд хэрэгцээ бий болохоос айх бус хэрэгцээг бий болгохын тулд, тэрхүү хэрэгцээгээ хангахын тулд хүн бүр хичээн амьдрах хэрэгтэй буй заа.